Аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг 10 дугаар сарын 1-нд хэлэлцэнэ
Аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг 10 дугаар сарын 1-нд хэлэлцэнэ Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байршил, үйлчлэх хүрээг батлах тухай Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр хуралдааны бэлтгэл хангасан гэж үзэж хурлын хуралдаанаар хэлэлцэхээр илтгэл, илтгэгчийг баталлаа. Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаанаар аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж Төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулсан. Өнгөрсөн хугацаанд Төлөөлөгч, Хороод, Намын бүлгээс хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд оруулах өөрчлөлтүүдийн саналыг авч, дахин боловсруулжээ. Тодруулбал, төлөвлөгөөний төсөлд хороодоос ирүүлсэн саналын дагуу “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-д бүх төрлийн донтолтыг эмчлэх нэгж бий болгох, хүүхэд хүмүүжлийн эерэг арга зүй “Токкацү”-г сургуулийн өмнөх боловсролд шинээр нэвтрүүлэх зэрэг зарим төсөл, арга хэмжээг нэмж 185 арга хэмжээтэйгээр төлөвлөжээ. Мөн хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг хэмжигдэхүйц болгон өөрчлөх, найруулгын шинжтэй редакцийн засварыг оруулж, уялдаа холбоог сайжруулсан гэдгийг аймгийн хөгжлийн жилийн 2026 төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсгээс мэдээллэж байна. Зөвлөлийн гишүүдээс Хүний хөгжил бүлэгт “Цөөн хүүхэдтэй анги” арга хэмжээг хэрэгжүүлэх, намын бүлгээс ирүүлсэн саналыг тусгах, “Бонд”-той холбоотой ажил арга хэмжээг нэмэх, төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг байр сууриа нэгтгэх, танилцуулга мэдээллээ үндэслэлтэй гаргах зэрэг саналуудыг илэрхийлж, хурлын хуралдаанд бэлтгэхийг үүрэг болголоо. Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 10 дугаар сарын нэгэнд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус 7 дугаар хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлах юм.